• Бидний тухай

хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ

Цахим бүртгэл

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

“Хавдрын эсрэг үндэсний аян-2016” Хөвсгөл аймагт нээлтээ хийлээ
Өдгөө зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Хавдрын эсрэг үндэсний аян-2016” арга хэмжээ есдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймагт нээлтээ хийлээ. Хөдөө орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, хавдрын эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа зохион байгуулах, хавдрын тусламж үйлчилгээг ойртуулах зорилготой энэхүү аяныг Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ), “Хаан” банк, МҮОНРТ-ээс хамтран зохион байгуулж байна.
Аяны хүрээнд ХСҮТ-ийн эмч нарын баг Хөвсгөл аймагт эрсдэлт бүлгийн хүн амыг хавдрын нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх юм. Мөн мэс заслын эмч нарын баг хорт хавдрын мэс эмчилгээг хийж, иргэдэд тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэхээс гадна орон нутгийн эмч, мэргэжилтнийг ажлын байранд нь дагалдан сургаж дадлагажуулах ажээ. Эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, сувилгааны сүүлийн үеийн арга технологийн талаар мэдлэг олгох сургалт зохион байгуулах юм байна. Энэ удаагийн аяны хүрээнд хүнд өвчтөнд асаргаа сувилгааг ар гэр, асран хамгаалагчид нь гэрээр хэрхэн үзүүлэх талаар эрүүл мэндийн сайн дурын идэвхитнүүдийг сургахаар болжээ.
Тус аймагт уг аяныг гурван жил хэрэгжүүлсэн бөгөөд энэ хугацаанд нийт 5152 хүнд үзлэг оношилгоо хийж, 19 хортой хавдрын тохиодол илрүүлэн хавдрын нарийн мэргэжлийн зохих тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. 
2015 оны байдлаар Хөвсгөл аймагт 292 хүн хорт хавдраар өвчилж, 222 хүн хорт хавдрын улмаас нас барсан бөгөөд өдгөө 643 хүн хавдрын улмаас эмчийн хяналтад байгаа аж. Тус аймагт элэг, ходоод, улаан хоолой, уушигны хорт хавдрын өвчлөл тэргүүлж байгаа төдийгүй оношлогдож буй хавдрын 70 гаруй хувь нь хожуу үе шатандаа илэрч байна. Иймд хорт хавдрыг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх талаар цогц арга хэмжээ хэрэгжүүлэхэд хувь хүн, эрүүл мэндийн болон эрүүл мэндийн бус байгууллагууд хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой юм. “Хавдрын эсрэг үндэсний аян-2016” энэ сарын 16-ныг дуустал үргэлжлэх юм.

Background Image

Header Color

:

Content Color

: